“Улаанбаатар марафон-2024" эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ.
Гүйлт бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км 1,5 км, мөн 0.8 км, 0.5 км гэсэн зай, төрлөөр үргэлжилнэ. “Улаанбаатар марафон” 5, 10, 21, 42 километрийн гүйлтийн тэмцээнээр эхэлсэн бол 13 цагт цагт тэргэнцэртэй иргэд, гэр бүлийн гүйлтийнхэн гараанаас гарна. Тусгай олимпын төрөлд буюу 500, 800 метрийн зайд гүйх иргэд 14 цагт гарах юм.
“Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж, байгууллага хамт олон, сайн дурын ажилтнууд, олон орны иргэд олноор оролцдог томоохон өдөрлөг болон өргөжөөд байна. Марафоныг “ХайПэй” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн хариуцан зохион байгуулж байна. 34 орны 20 мянга гаруй хүн гүйж буй марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг нарийвчлан тогтоосон. Мөн зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.