ЗАВХАН: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг биотехникийн үйл ажиллагаанд зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-27 16:50:00

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Байгаль орчны газраас байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгч байна. 


Тавдугаар сард сумдад ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого болон нөхөн сэргээлт, биотехникийн үйл ажиллагаа, ойн нөхөн сэргээх ажлуудыг хэрхэн хийсэн талаарх мэдээллийг 6700 гаруй иргэнд хүргэжээ.  


Тухайлбал, Цагаанчулуут суманд 2022 онд ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс 63.670.800 төгрөгийн орлого орсон байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь болох 31.835.400 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулна.


2023 онд дээрх орлогоос 471.000 төгрөгөөр биотехникийн арга хэмжээг авсан байна. Тус суманд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт 1,5 хувьтай байна.


Тосонцэнгэл суманд 2022 онд ойн нөөц ашигласны төлбөрөөс 169.779.030 төгрөгийн орлого орсон байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасанчлан ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувь болох 144.312.176 төгрөгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулахаар төлөвлөсөн.


2023 онд дээрх төлөвлөгөөний дагуу байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 57.000.000 төгрөгөөр, ойн санд тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 18.250.000 төгрөгөөр хийжээ.


Тус суманд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт 52 хувьтай байна.  

Сонгино суманд 2022 онд ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс 665.987.360, ойн нөөц ашигласны төлбөрөөс 4.760.190 төгрөгийн орлого орсон байна.


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь болох 332.993.680 төгрөг, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувь болох 4.046.160 төгрөгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулсан байна.  


Тус сум 2023 онд ан амьтан хамгаалах чиглэлээр 59.000.000, байгаль хамгаалагчдыг тоног төхөөрөмжөөр хангахад 29.000.000, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод бут, суулгац худалдан авах, хайс хамгаалалт хийх, ногоон зурваст ашиглах тоног төхөөрөмж, услалтын системд 72.162.600 төгрөг зарцуулжээ.


Сонгино суманд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт 48 хувьтай хэрэгжиж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сум бүрд харилцан адилгүй байна. Энэ нь тухайн сум орон нутагт байгаа байгалийн нөөцтэй холбоотой юм.


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах. Түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. 


Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс орон нутаг дахь чиг үүргийн байгууллагууд мэдээллээ тухай бүр нь үнэн зөв ирүүлдэг байх. Энэ төрлийн төрийн үйлчилгээг цахимжуулж, мэдээллийн санг нэгтгэх ажлыг үр дүнтэй хийхээр орон нутгийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ