Орост хориглосон бүлэглэлүүдийн жагсаалтаас "Талибан"-ыг хасахыг В.Путинд санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-28 09:44:34
Кабул

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 28 /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яамнаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, "Талибан" хөдөлгөөнийг тус улсад хориглосон байгууллагуудын жагсаалтаас хасах боломжтой гэдгийг илтгэжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын хоёрдугаар газрын дарга Замир Кабулов мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. 


“Талибан”-тай холбоотой асуудлыг бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гаргажээ. Энэ асуудалд ГХЯ ямар байр суурьтай байгаа вэ гэсэн асуултад З.Кабулов хариулахдаа “нааштай” хэмээн онцоллоо. “"Талибан”-ыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө хориглосон байгууллагуудын жагсаалтаас хасах шаардлагатай. Тиймээс хүлээн зөвшөөрөх тухай ярихад эрт байна. Бид шийдвэр гарахыг хүлээж байна” гэж тэрбээр нэмж дурдав.


Түүний хэлснээр, талибууд 2021 онд Афганистаны засгийн эрхэнд гарч байсан үеийнхтэй харьцуулахад ОХУ "Талибан"-ы засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөд илүү ойртсон байна. "Гэхдээ зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа, үүний дараа Оросын удирдлага шийдвэрээ гаргана" гэж З.Кабулов онцлон тэмдэглэв.


Тэрбээр мөн Орос, Афганистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан Оросын эрх баригчид “Талибан”-ы засгийн газартай хамтран ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, баярын цахилгаан илгээхээр төлөвлөгөөгүй байгаа гэдгийг  хэллээ.


АНУ Афганистанаас цэргээ татахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоох томоохон ажиллагааг эхлүүлсэн юм. Улмаар 2021 оны наймдугаар сарын 15-нд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу зугтан гарч, талибууд буун дуу гаргалгүйгээр Кабулд нэвтрэн орсон юм. АНУ-ын цэргүүд 2021 оны есдүгээр сарын эхээр Афганистанаас бүрмөсөн гарсан билээ. 

Холбоотой мэдээ