ДУНДГОВЬ: Музейн сан хөмрөгт 3 хүн чулуун хөшөө хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-29 07:37:22
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн сан хөмрөгт 3 хүн чулуун хөшөө хадгалагдаж байна. Эдгээр хоёр хөшөөг 1980 оны үед тус аймгийн Луус сумын нутагт байрлах Сариг хайрхны өврөөс, харин Түрэгийн үеийн нэг хөшөөг Бага газрын чулууны орчмоос авчирсан гэдэг.


Сариг хайрхны энгэрээс авчирсан хүн чулуун хөшөө 143 см өндөртэй, 52 см урттай, 42 см өргөнтэй. Шар өнгийн элсэн чулуугаар хийсэн исэр суудал дээр сууж буй хүний дүрслэл юм.


Тус хөшөөний толгой хугаран унасан байсныг цементээр шавж тогтоожээ. Бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, ардаа залаа бүхий малгай өмссөн ба нүүр нь элэгдсэний улмаас хамар, ам, нүд ором төдий мэдэгдэнэ. Баруун гараа цээжний өмнө байрлуулан гартаа хундага барьсан ба зүүн гараа баруун өвдөг дээрээ тавьжээ.



Музейн тайлбарт "нарийн ханцуйтай урт дээлийн гадуур богино ханцуйтай, мөн урт хувцас давхарлан өмссөн. Дээлийн энгэр мэдэгдэхгүй. Баруун ташаанд мөлгөр булантай, зүүн ташаанд дөрвөлжин хэлбэртэй хавтага, хутга, тээг сэтгүүр мэт зүйлийн хамт унжуулсан нь хувцасны онооны сэтэрхийгээр цухуйж харагдана. Бага зэрэг ээтэн хоншоортой үзүүртээ цамын гутал шиг хамар угалзтай, давхар зузаан ултай гутал өмссөн нь бусад хөшөөнд огт тааралдаж байгаагүй онцлог хэлбэр юм. Уг хөшөөний тавцанг маш чамин хээгээр чимэглэжээ. Тавцангийн нүүрэн талд дөрвөн дэлбээт цэцгэн хээ зэрэгцүүлэн сийлээд хооронд нь шулуун ба нуман хэлбэрт хэрчмүүдээр тусгаарлан таван ам дөрвөлжинд байрлуулсан байна.


Хөшөөний байдал XIII зууны үед зочилж байсан жуулчдын тэмдэглэн үлдээсэн Монголын хаад ноёдын исэр сандлын тодорхойлолттой тохирдог байна" гэж өгүүлжээ.


Эдгээр гурван хөшөөнөөс Бага газрын чулууны орчмоос авчирсан хүн чулуун хөшөөг Музейн гадна байрлуулсан байдаг.





Холбоотой мэдээ