СЭЛЭНГЭ: “Сайханы хөтөл” нь байгалийн үзэсгэлэнгээс гадна түүхийн олон үнэт зүйлсийг агуулдаг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-06-11 14:59:12

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт нутгаар аялагчдын хамгийн түрүүнд заавал очдог газрын нэг бол “Сайханы хөтөл”.

 

“Сайханы хөтөл” нь байгалийн үзэсгэлэнгээс гадна түүхийн олон үнэт зүйлсийг өөртөө агуулсан газар гэдгээрээ онцлогтой.

 

“Сайханы хөтөл” нь Сэлэнгэ аймгийн төвөөс 10-аад км-ийн зайд Монгол-Оросын хил орчим оршдог. Урд нь “Тэмээн хүзүүт”-ийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юмаа” хэмээн уулга алдсанаас хойш "Сайханы хөтөл" хэмээн нэрлэх болсон гэдэг.

 

Сайханы хөтлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг байна. Энэ сайхан хөтөлд сайн эрс цуглаж байсан хэмээх агуй байдаг. Д.Сүхбаатар жанжныг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэр бээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтлийг хилийн цэргүүд сайхан тохижуулсан байдаг. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн аж.

 

Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулсан. Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч энд босгосон байдаг.

 

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжих таатай боломж нээгдэж буйтай холбогдуулан тус хөтлийн “Аялал жуулчлалын цогцолбор” болгон хөгжүүлж байна.   

 

Энэхүү гайхамшигтай тогтоц бүхий хадан хясааны сайхныг үзэж харахаар хол, ойрын гийчид тасралтгүй зорчдог.

 

Тус хөтөл дээр 2011 онд Сэлэнгэ аймгийг үүсгэн байгуулсны 80 жилийн ойгоор Ардын хувьсгалын түүх, байгалийн сайхныг харуулсан хөшөө дурсгал бүхий цогцолбор болгох ажлыг яруу найрагч Н.Сүхдорж, ХЦ-ийн хурандаа Л.Батсүх, зураач Ү.Чимэд, доктор Ө.Бавуу, яруу найрагч Т.Доржсүрэн нар санаачилж байсан гэдэг.

 

Улмаар тус цогцолборын ажлыг хилийн цэргийн дайчдын хүчин туслалцаатайгаар босгожээ. 2008 онд Монголын зохиолчдын өдрүүд Сэлэнгэ аймагт болоход энэ хөтлийн Арслан хадны энгэрт "Шивээ хиагт" дуу мэндэлсэн нутаг хэмээн хадан дээр гантиг чулуун дурсгалын бичээсийг мөн л Сэлэнгийн зохиолчдын санаачилгаар хийжээ.

 

Дууны хөшөөг босгоход МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Монгол Улсын СГЗ, яруу найрагч П.Сандуйжав, нэрт зохиолч Д.Урианхай, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч агсан А.Эрдэнэ-Очир, Б.Баярсайхан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Г.Ишхүү, Б.Болорцэрэн, Б.Чулуунцэцэг нарын тэргүүтэй олон зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж байрлуулжээ.  



Холбоотой мэдээ