БАЯН-ӨЛГИЙ: Хойд Хөлцөөтөд 10 мянган хадны дүрслэл бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-07-05 14:38:08

Өлгий, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хадны зураг бүхий дурсгалт газрууд олон. Тэдний нэг нь Хойд Хөлцөөтийн хадны сийлмэл зургууд билээ. 


Тус газар нь аймгийн төв Өлгий хотоос баруун өмнөд зүгт 109 км зайд Буянт сумын нутаг дэвсгэрт оршдог.


Жаргалант хайрхан, мөнх цаст Цэнгэл хайрхан уулын баруун биеэс эх авч зүүн урагшаа өндөр уулсын дундуур урсдаг тунгалаг устай голыг Хөлцөөт гэнэ. Энэхүү нутагт урд Хөлцөөт, хойд Хөлцөөт хэмээх хоёр гол, хоёр өргөн хавцал бий. Хадны зургууд зөвхөн хойд Хөлцөөтөд байдаг.


Дурсгалт газарт нийт 500 орчим зохиомж, 10 мянга орчим дүрслэл байгаа. Зохиомжийн хувьд янгир, аргаль, буга, үхэр зэрэг амьтдын дүрсийг олон янзын арга барил, хэв маягаар дүрсэлсэн байна.


Эрдэмтдийн тайлбарласнаар Хойд Хөлцөөтийн хадны зургийн дурсгалт газрын дийлэнх зургууд нь энеолит, хүрэл, төмрийн түрүү үе, Хүннүгийн үед холбогддог ажээ.


Харин тухайн хадны зургийн зохиомж, дүрслэх арга барил, хэв маяг нь тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт оршдог Цагаан Салаа, Бага Ойгор, Арал толгой, Шивээт хайрханы хадны сүг зургийнхтай тун төстэй байна.


Хойд Хөлцөөтийн хадны зургийг Монголын эрдэмтэд судалж байгаа. Тухайлбал, Х.Эдилхан 2008 онд "Монгол Алтайн хадны зургийн судалгааны зарим асуудал", Б.Өмирбек 2013 онд "Монголын Алтайн нурууны хойд хөлцөөтийн хадны зургийн судалгааны асуудалд" сэдвээр тус тус түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.

Холбоотой мэдээ