Ж.Байден хүчтэй шахалттай тулгарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-19 11:02:48

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 19 /AFP/. Улиран сонгогдохын төлөөх оролдлогоо зогсоох хэрэгтэй гэсэн учир шалтгаан, үндэслэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн өдрүүдэд илүү анхааран сонсох болсон гэж хэвлэлүүдэд бичиж байна. Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси саяхан Ардчилсан намынханд хандан хэлэхдээ, Ж.Байден удахгүй өрсөлдөөнийг орхиж магадгүй гэжээ. 


Ж.Байден ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялж чадахгүй байж магадгүй тул өрсөлдөөнөөс гарах нь зүйтэй гэсэн санааг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж “Нью-Йорк Таймс” сонинд бичсэн байна. Лхагва гарагт Ж.Байдены Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан нь түүнийг Невада мужид хийх кампанит ажлаа богиносгож, Делавэрт хэд хоног тусгаарлагдахад хүргээд байгаа юм.


Б.Обама тэргүүтэй хүмүүс түүнийг 2024 оны сонгуульд ялж чадахгүй байж магадгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн тул Ж.Байден өрсөлдөөнийг орхиход ойрхон байна гэж хэвлэлүүд мэдээлэх болжээ. Өдгөө 81 настай тэрбээр халдварын улмаас далайн эрэг дээрх байшиндаа тусгаарлагдаж байгаа юм.


Нью-Йорк Таймс сонинд Ж.Байдены ойрын хэд хэдэн хүнийг эш татан бичсэнээр, Ж.Байден Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампад ялагдаж магадгүй байгаа тул өрсөлдөөнийг орхих нь зүйтэй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ж.Байден удахгүй дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг өөрийнх нь оронд Ардчилсан намын нэр дэвшигчээр сонгохыг дэмжвэл гайхах зүйлгүй гэж эх сурвалж ярьсан байна.


Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч асан Б.Обама намынхаа хамтран зүтгэгчдэд хандан “Ж.Байден нэр дэвших боломжтой эсэхээ нухацтай бодох хэрэгтэй гэж хэлсэн талаар Вашингтон Пост” сонин мэдээлжээ. Харин Обамагийн ажлын албанаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүйД.Трамптай телевизээр мэтгэлцэхдээ тааруухан байснаас хойш Ж.Байден нэр дэвших нь зүйтэй эсэх тухай асуудал үүсжээ. Гэхдээ түүний кампанит ажлыг зохион байгуулагчид дээрх мэдээллүүдийг няцаасаар байна.

Холбоотой мэдээ