2024 оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-19 14:02:56

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. 2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26659 иргэн визийн зөвшөөрөл, 5052 иргэн виз, Evisa.mn системээр 63 улсын 38291 иргэн цахим виз авчээ.


Эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр ирсэн гадаадын 10234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.


Эдгээрийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8, виз олголт 57, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9, цахим виз олголт 5.7 хувиар дахин өссөн байна. Харин оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.


Тус газраас оны эхний хагаст төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 206, нийт 221 хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Түүнчлэн он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 62 мянга гаруй гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ