Малахын талд отроор мал өвөлжүүлэх боломжгүйг мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-11 17:47:45

Өнгөрсөн зун Дундговь аймгийн 5 сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм тогтоон, 400 гаруй мянган хонь, хургыг дархлаажуулсан. Эдгээр сумаас аймаг дундын отрын бүс нутагт энэ өвөл мал өвөлжүүлэхгүй ажээ.

Аймаг дундын отрын бэлчээр нутаг Хэрлэнбаян- Улаанд 39 мянга 300, Малахын талд 22 мянга, Хөх дэлд 6 мянга, Чилэнд 7 мянга 700 гаруй мал сүргийг отроор өвөлжүүлэх тухай саналыг Дундговь аймгаас ХХААХҮ- ийн яаманд хүргүүлсэн байна.

Малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Малахын отрын бэлчээр нутагт мал өвөлжүүлэх боломжгүй. Харин Хэрлэнбаян- Улаан, Хөх дэл, Чилэнгийн аймаг дундын отрын бэлчээрт мал өвөлжүүлэх боломжтой гэдгийг ХХААХҮ-ийн яам албан тоотоор мэдэгджээ.

Ингэхдээ малын гоц халдварт өвчний тайван бүс болох Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэрэн, Хулд, Өлзийт, Дэлгэрцогт, Адаацаг сумын малыг мал эмнэлэгийн үйлчилгээнд бүрэн хамруулж, баталгаажуулсаны үндсэн дээр тогтоосон квотын дагуу отрын бүс нутагт оруулахыг зөвлөмж болгосон байна.

Тухайлбал, отрын бүс нутагт өвөлжих малыг мялзан, хонины цэцэг,шүлхий өвчний дархлаажуулалт, угаалгад бүрэн хамруулж, энэ тухай малын эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулах, малыг отрын бэлчээрт хүргэх маршрут тогтоон, малын шилжилт хөдөлгөөнийг маршрутын дагуу зохион байгуулах, отрын бүс нутагт орсон өдрөөс гарах хүртэл малын шилжилт хөдөлгөөн хийхгүй бөгөөд энэ хугацаанд малын эрүүл мэндэд нь хяналт тавьж ажиллах зэрэг хэд хэдэн үүргийг отор хийх тал хүлээх юм байна.

 Мөн отрын бүс нутгийг чөлөөлөхдөө өвөлжсөн малыг мал эмнэлэгийн үзлэгт хамруулан тогтоосон хуацаанд гаргах ажлыг  аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран зохион байгуулахыг ХХААХҮ- ийн яамны зөвлөмжид тусгажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ