Трамп, Харрис нар мэтгэлцээний товын талаар санал зөрөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-04 10:25:37

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 4 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар эхний халз мэтгэлцээний товын талаар санал зөрөлдөж, өөр өөр телевиз, өдрийг сонгон явуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ.


К.Харрисын сонгуулийн штабын зүгээс, Ерөнхийлөгч Жо Байден, нэр дэвшигч Д.Трамп хоёр өмнө нь товлож байсны дагуу буюу есдүгээр сарын 10-нд ABC News сувгаар мэтгэлцэхийг уриалж байна. Харин Д.Трамп хэлэхдээ, Ж.Байден өрсөлдөөнөөс гарснаар ABC телевизийн мэтгэлцээн “цуцлагдсан” гээд, есдүгээр сарын 4-нд Fox News-ээр мэтгэлцэхийг уриалжээ.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болох юм.


Ерөнхийлөгч Ж.Байден долоодугаар сарын 21-нд өрсөлдөөнөөс гарч буйгаа зарлаж, К.Харрис Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай хүн болсны дараачаас дээрх санал зөрөлдөөн эхэлсэн байна. Түүнээс хойш Д.Трамп өмнө нь товлосон ABC News-ийн мэтгэлцээнд оролцох эсэх тал дээр булзааруулсан хариу өгсөөр иржээ.


Америкийн телевизийн сувгууд мэтгэлцээний шинэ товыг тогтоохын тулд хоёр штабтай хэлэлцээ хийж байна.


2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон халдлагад өртөх үеэр АНУ-ын Нууц алба алдаа гаргасан гэж Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээс хэдхэн цагийн дараа мэтгэлцээний талаарх дээрх мэдээ цацагдлаа. Учир нь, тухайн үед дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан К.Харрис Вашингтон дахь Ардчилсан намын Үндэсний хорооны төв байрны гадна талд байрлуулсан тэсрэх бөмбөгнөөс ердөө 6 м-ийн зайд дөхөн очиж, маш эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.


Уг тэсрэх бөмбөг болон Бүгд найрамдах намын Үндэсний хорооны төв байрнаас олдсон ижил төрлийн тэсрэх бөмбөгийг Д.Трампын дэмжигчид Капитол руу дайрахын өмнөх шөнө байрлуулсан байжээ. Хоёр тэсрэх бөмбөгийг хэн тавьсан нь тодорхойгүй байна.

 


Холбоотой мэдээ