Монгол Улс анх удаа цэргийн археологийн судалгааны чиглэлийг энэ оноос хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Халх гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.
Батлан
хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн харьяа Түүх, угсаатны зүйн
хүрээлэнтэй хамтран Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион
байгуулж буй уг хуралд манай улсаас гадна ОХУ, БНХАУ,
Япон, БНСУ-ын эрдэмтэн судлаачид, нийт 100 орчим оролцогч оролцож байна. Энэ
удаагийн хурлын зорилго нь Халх голын дайнд оролцсон талуудын болон бусад улс
орны эрдэмтэн судлаачдын байр суурьт үнэлэлт дүгнэлт
өгөх,
харилцан туршлага солилцох, уг дайны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн цэргүүдийн гавьяа зүтгэлийг
хойч үедээ
түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, тус хурлаас гарсан үр
дүнг нэгтгэж судалгааны эргэлтэд оруулах явдал аж.
Батлан
хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Содномцог
тус хурлын онцлог, цаашдын үр дүнгийн
талаар хэлэхдээ “Энэ удаагийн хурал өмнөх
хурлуудаас
юугаараа
ялгаатай вэ гэдэг дээр хэдэн зүйлийг тодотгомоор байна. Халхын голын дайны түүхийг шинээр бичих болсон гэж хэлж болно. Өмнөх тогтолцооны үед
намч байр
сууринаас асуудалд хандаж, Монгол Оросын цэргийн авчирсан ялалтыг магтан
дуулсан байдлаар хурлыг зохион байгуулдаг байсан бол сүүлийн үед дайнд татагдан орсон талуудын байр
суурийг сонсож хэлэлцүүлдэг болсон. Ингэхдээ зөвхөн цэргийн талаас бус мөн
олон улсын харилцаа, геополитикийн бодлого талаас нь үнэлж
цэгнэж
байгаа нь энэхүү хурлын нэг онцлог юм. Үүний
зэрэгцээ Халхын голын дайныг архивын материалд түшиглэн
судалгаа шинжилгээ явуулдаг байсан бол орчин цагт газар оронд нь
археологийн судалгаа хийхийг зорих болсон. Иймд Монголдоо цэргийн
археологийн судалгааг хөгжүүлж эхлэх гэж буй энэ цаг үед
энэхүү хурал болж байна” хэмээн тодотгов.
Батлан
хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн референт, дэслэгч Э.Түвшин
“Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд
Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн,
Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн,
Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн
хамтран “Цэргийн археологи” төслийг
хэрэгжүүлэхээр болоод буй. Төслийн
зорилго нь Халхын голын байлдаан болсон түүхэн газар, нутагт цэргийн археологийн хамтарсан судалгааг эхлүүлэх, цэргийн археологийн судалгааны арга зүйг
хөгжүүлэх, цаашид цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, хамтын судалгааны бүтээл
туурвихад оршиж байгаа юм.
Уг зорилтын хүрээнд энэ сарын 22-ноос Дорнод аймгийн Халх суманд 14 хоногийн хугацаатай археологийн малтлагыг эхлүүлэх гэж байна. Энэ жил бид гурван газар оронд хайгуул хийнэ. Ингэснээр Монгол Улс анх удаа цэргийн археологийн судалгаа шинжилгээ явуулах гэж байна. Энэхүү ажил нь цаашид тогтмолжиж, жил бүр тухайн газар оронд очиж малтлага судалгаа хийдэг болно гэсэн үг. Үр дүнд нь Халхын голын дайны ялалтын 90 жилийн ойн хүрээний сэдэв, хэлэлцэх асуудал илүү өргөжсөн байх болно” гэлээ.