Хамтын ажиллагааг шинэ, харилцан ашигтай түвшинд шилжүүлэх саналаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-08-22 16:37:22

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд захирагч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Канни Вигнаражатай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд сайд С.Одонтуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хөгжлийн шатуудад байнга дэмжлэг, түншлэлийг бэхжүүлж ирсэнд талархал илэрхийлээд, салбарын хамтын ажиллагааг шинэ, харилцан ашигтай түвшинд шилжүүлэх саналаа танилцуулав.


Бүсийн захирал хатагтай Канни Вигнаража 24 жилийн өмнө байгаль, хүрээлэн буйн орчны асуудал хөнддөг байсан бол одоо уур амьсгалын өөрчлөлт нэн чухал болсныг газрын доройтлын тухай судалгаанаас олж мэдлээ хэмээн яриагаа эхлүүлсэн юм. 


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээг бодитоор нутагшуулах, сайн зуршлыг түгээх, Хөгжлийн хурдасгуур төвийг шинжлэх ухаанд суурилсан шийдвэр боловсруулахад түлхүү ашиглах, бэлчээр хуурай хээрийн экосистемийг тэтгэх, “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын санаачилгын дагуу 2026 онд болох НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаар уламжлалт харилцааг бэхжүүлэхээр тогтсоныг БОУАӨЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ