Европын Холбоо, Хятад улс цахилгаан машины татварын талаар хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-20 15:56:33

БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 20 /Reuters/. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудад импортын татвар ногдуулахгүйн тулд хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр Европын Комисс /ЕК/ ба Хятад улс тохиролцсон тухай тус комисс пүрэв гарагт мэдэгджээ.


Европын Холбооны /ЕХ/ Худалдааны асуудал эрхэлсэн комиссар Валдис Домбровскис, Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао нар пүрэв гарагт уулзсан байна. ЕХ-ны орнууд автомашины импортын 10 хувийн татвараас гадна 35.3 хүртэлх хувийн татвар ногдуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахаар бэлтгэж буй үед энэ уулзалт болжээ.


Талууд цахилгаан тээврийн хэрэгслийн татварын талаар илэн далангүй бөгөөд үр бүтээлтэй” хэлэлцээ өрнүүлсэн гэж ЕК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. В.Домбровскис ЕХ-ны татаасын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа нь баримтад үндэслэсэн бөгөөд шударга өрсөлдөөний талбарыг бий болгох зорилготой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй, хэрэгжүүлж, хяналт тавих боломжтой, түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцсэн шийдэлд хүрэхийн тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэн эрчимжүүлэх улс төрийн хүсэл зоригоо хоёр тал дахин нотолсон гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.


Мөн В.Домбровскис ЕХ мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна. Европын Комиссын дэд тэргүүн мөн ЕХ-ны бренди, гахайн мах, сүүн бүтээгдэхүүний импортын эсрэг Хятад улсын явуулж буй худалдааны мөрдөн шалгах ажиллагаанд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, улмаар татвар ногдуулж болзошгүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд эргэлзээ дагуулж буй нотолгоонд суурилсан үйлдэл мөн гэж мэдэгджээ.

 

 



Холбоотой мэдээ