Энэтхэгийн цагдаа нар “Самсунг”-ийн ажилчдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-02 11:25:10

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны аравдугаар сарын 2 /DW/. Дэлхийн хагас дамжуулагч, компьютерын чипний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох Самсунг Электроникс компанийн 600 орчим ажилтан болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг гудамжинд жагсаал зохион байгуулсан гэх шалтгаанаар Энэтхэгийн цагдаа нар мягмар гарагт баривчилжээ. 


Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн турш Энэтхэг дэх Өмнөд Солонгосын компанийн олон мянган ажилтан Ченнай хот дахь үйлдвэрийн ойролцоо болон бусад газарт ажил хаялт зарлаад байна. Цагдаагийн газрын өндөр албан тушаалтан Чарльз Сэм Ражадурайн хэлснээр, жагсаал цуглаан олон нийтэд төвөг учруулсан тул жагсагчдыг саатуулжээ.


Самсунг”-ийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх, ажлын өдрийг 8 цаг болгож хязгаарлах, үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн CITU холбоог хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Ченнайн үйлдвэр нь Самсунг”-ийн Энэтхэг дэх хоёр дахь том үйлдвэр бөгөөд Самсунг компанийн тус улс дахь жилийн орлогын гуравны нэгийг буюу 12 тэрбум ам.долларыг /10.8 тэрбум евро/ бүрдүүлдэг.


Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, Ченнай дахь Самсунг”-ийн ажилтнууд сард дунджаар 25 мянган рупигийн /ойролцоогоор 300 ам.доллар/ цалин авдаг бөгөөд цалингийн хэмжээг гурван жилийн дотор 36 мянган рупи болгон нэмэгдүүлэхийг шаардаж байна.


Ажил хаялт есдүгээр сарын 9-нд эхэлжээ. Түүнээс хойш Самсунг”-ийн олон мянган ажилтан үйлдвэрийн ойролцоох асарт жагсаал хийж байгаа аж. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн С.Каннаны EFE агентлагт мэдээлснээр, есдүгээр сарын 9-нөөс хойш дор хаяж 10 мянган ажилтан баривчлагдсан ба ихэнх нь удалгүй суллагдсан байна. 


Одоогоор хэлэлцээ хийх оролдлого бүтэлгүйтэж, компани болон ажил хаягчдын хооронд ойлгомжгүй байдал үүсээд байна. Самсунг компани ажил хаягсдыг ажлаас нь хална гэж сүрдүүлсэн боловч тэдэнтэй зөвшилцөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Компанийн мэдээлснээр, Ченнай дахь үйлдвэрийн ажилтнууд бүс нутагт ажиллаж буй ажилтнуудтай харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их цалин авдаг байна. Өмнөд Солонгосын компани Шинэ Делигийн ойролцоох Ноида хотод өөр нэг үйлдвэртэй.


Энэ оны эхээр Өмнөд Солонгосын хамгийн том компанийн дотоодын үйлдвэрүүдийн ажилтнууд мөн ажил хаясан юм. “Самсунг Электроникс”-ийн үйлдвэрчний эвлэл /NSEU/ тус компанийн нийт ажиллах хүчний 24 хувийг төлөөлдөг бөгөөд 31 мянга орчим гишүүнтэй ажээ.

Холбоотой мэдээ