Малын хулгайн гэмт хэрэг 50 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУлсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газраас төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэн бодитой үр дүнд хүрсээр байна. Тухайлбал аян эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэргийн илүүлэлт үр дүнгээ өгч байгааг албаныхан хэлж байгаа юм.
Саяхан Багануур дүүргийн харъяат иргэн Т болон Х нарын бүлэг этгээдүүд хулгайн мал нядлан борлуулж байхдаа буюу баригдсан талаар албаныхан хэлж байна. Тодруулбал: Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт айлын нэг тонн үхрийг хулгайлан нядалж Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зарж байсан хэргийн эзэн холбогдогчид энэ сарын 16-ний 9-11 цагийн хооронд Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс үйлдэл дээрээ баригдсан байна.
Хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь малын хулгайн гэмт хэргийн үйлдэлтэйгээр Цагдаагийн газарт шалгагдаж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Одоо хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын тасагт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ийг хүртэл үргэлжилнэ.
Сонирхуулахад Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 698 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 651 гэмт хэрэг бүртгэгдэж 47 нэгж буюу 6.7 хувиар буурсан байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн оны есөн сард 133 бүртгэгдэж байсан бол энэ оны есөн сарын байдлаар 63 бүртгэгдэж 70 нэгж буюу 50 гаруй буурсан үзүүлэлттэй байгааг Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Н.Доржбалжид хэллээ. Өнөөдрийн байдлаар малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 49.6 хувьтай байна.
Түүнчлэн малчин иргэд малаа малын хулгайд алдахаас болгоомжлон өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.
Т.Есүхэйтөмөр