Монгол Улсад сэтгэл зүйч мэргэжилтэн дутагдалтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын 2022 онд хийсэн судалгаагаар дэлхийд найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гэж гарчээ.
Сэтгэцийн тулгамдсан асуудлыг бууруулахад ярилцах нь хамгийн чухал эмчилгээ гэдгийг “Галерей Улаанбаатар” төвд өнөөдөр болсон “Сэтгэцийн эрүүл мэнд -2024” үндэсний чуулганы үеэр эмч мэргэжилтнүүд тодотгож байна.
Сэтгэцийн эрүүл мэндийг өмнөх 10 жил /2004-2014/-ийнхтэй харьцуулахад сүүлийн 10 жилд огцом нэмэгдсэн гэнэ. Ялангуяа цар тахлын дараагаас сэтгэл гутрал, түгшилт, амиа хорлолт, мансууралт, цахим хэрэглээний донтолт нэмэгдэж байгаа нь ажиглагдах болжээ.
Тус чуулганд сэтгэцийн эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах зорилготой 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтнүүд илтгэл тавив. Энэ чиглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг анхааран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа гэж чуулганыг зохион байгуулагчид үзжээ.
Манай улсад Сэтгэцийн эрүүл
мэндийн Үндэсний төв /СЭМҮТ/ лавлагаа буюу үндсэн мэргэжлийн 3 дахь шатлалын тусламж
үйлчилгээг үзүүлж байна. Анхан шатны тусламж үйлчилгээг сум, өрхийн эмнэлгийн,
хоёрдугаар шатлалынхыг аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв болон бие даасан
төвүүдэд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд үзүүлдэг аж.
Улсын хэмжээнд ийм мэргэжлийн 150 гаруй эмч ажиллаж байгаа, хүний нөөцийн хувьд хүртээмж муутай, сэтгэл зүйч мэргэжилтэн дутагдалтай байна гэж СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн албаны дэд захирал Н.Алтанзул ярилаа.
Монгол Улсын хэмжээнд 2013-2019 онд 11,746 хүнийг хамруулсан судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.4, органик бус нойрны эмгэг 17.5, архаг ядаргаа 16.2,
тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4,
сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатай байна гэсэн тоо баримт судалгааны тайланд хэвлэгдэж байжээ.