ОУВС: Дэлхийн улс орнуудын өр оны эцэс гэхэд 100 их наяд ам.доллароос давна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-16 11:49:12

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /DW/. Дэлхийн улс орнуудын нийт өр энэ онд 100 их наяд ам.доллароос давах төлөвтэй байгаа тухай Олон улсын валютын сан /ОУВС/ мягмар гарагт мэдээлээд олон орны хувьд төсвийн төлөв "хүлээж байснаас муу" гарч болзошгүйг анхаарууллаа.


Төсвийн бодлогын талаарх шинэ тайландаа ОУВС дэлхийн улс орнуудын засгийн газруудын өр энэ онд дэлхийн ДНБ-ий 93 хувьд хүрч, 2030 он гэхэд ДНБ-ий 100 хувьд дөхнө гэж таамаглаж байна.


Тус сангийн төсвийн асуудал эрхэлсэн дэд захирал Эра Дабла-Норрис тайланг танилцуулахын өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ "улс орнуудын засгийн газруудын өр маш их байна. Товчхондоо, улс орнууд төсвөө цэгцлэх цаг нь болжээ" гэжээ.


Цаашид өрийн түвшин төсөөлж байснаас ч өндөр байх магадлалтай байгаа бөгөөд үүнийг тогтворжуулах эсвэл бууруулахын тулд одоогийн таамаглалаас хамаагүй том төсвийн зохицуулалт хийх шаардлагатай болж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. 


Улс орнууд эдийн засгийн өсөлт, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалахад чиглэсэн сайтар бодож боловсруулсан төсвийн бодлого баримталж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэхийн давуу байдлыг ашиглан өрийн эрсдэлийг одоо даван туулах ёстой гэж тайланд онцлон тэмдэглэжээ.


Зардлыг нэмэгдүүлэхэд хүргэж буй улс төр, нийгмийн томоохон дарамт шахалт, өрийн түвшний талаарх үндэслэлгүй өөдрөг төсөөлөл, их хэмжээний сүүдрийн өр зэрэг гурван шалтгааны улмаас олон орны төсвийн төлөв төсөөлж байснаас дор гарч болзошгүй байна. 


ОУВС-гийн тооцоолсноор, туйлын таагүй хувилбараар дэлхийн улс орнуудын өр гурван жилийн дараа ДНБ-ий 115 хувьд хүрч магадгүй байгаа нь одоогийн таамаглалаас 20 шахам пунктээр илүү үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ