Гэр нь шатсан айлын хүүхдэд хувцас авч өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-18 08:50:25

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хоёр айл шатсан харамсалтай явдал болсон юм. Тэдний нэг Д.Сайнжаргалын 4 настай охинд хотын Захирагчийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байгаа Говьсүмбэр аймгийн харьяат Ш.Зоригтбаатар хичээлийн хэрэглэл, хувцас зэргийг өчигдөр авч өглөө.

Монголчууд эрт дээр үеэс "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, Тэвдэж явахад тэвнээр тусла" гэдэг билээ. Өмссөн хувцастайгаа үлдсэн өрх толгойлсон эмэгтэйн гэр бүлд энгийн иргэн ийнхүү тусламжийн гараа сунгасан байна. 

Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр баг, Зүүнсайханы 5 дугаар багийн нутаг дэвсгэрт санамсар болгоомжгүйн улмаас галын аюул хоёр ч удаа гарч эрдэнэт хүний амь хохирсон юм. Тиймээс өрх айл бүр болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, оршин байгаа хашаа, орон сууц, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн техникийн аюулгүй байдал, ил задгай гал гаргах үеийн аюулгүй ажиллагааг сахиж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ