ДОРНОГОВЬ: Ахмад сэтгүүлч Л.Сандуй шинэ номоо сумынхаа ойд зориулан гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ахмад сэтгүүлч, гэрэл зурагчин Лувсанрэгзэнгийн Сандуй “Төрсөн нутгийн минь зөөлөн салхи” нэртэй түүх, дурсамжийн номоо хэвлэлтээс хүлээн авчээ.
Тэрээр номоо өөрийн төрсөн нутаг Дэлгэрэх сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулан гаргасан байна. Тус номд төрсөн нутаг усных нь онцлог, сонин сайхан хийгээд зарим түүхэн үйл явдал, хүн зоны дурсамж дурдатгалыг багтаажээ.
Л.Сандуй 1961 онд Монголын Урчуудын эвлэлийн Дорноговь дахь салбарт дагалдан зураач, 1962 оноос аймгийн тогтмол хэвлэл “Ялалт” сонинд цайр зурагчин, сэтгүүлчээр 1990-ээд он хүртэл ажиллаж олон арван түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан байдаг.
Мөн хөрөг найруулалт, эсээ, сурвалжилга гээд сэтгүүл зүйн олон төрлөөр бүтээл туурвиж байсан юм. Үүнээс гадна Дорноговийн хурдан морины тухай цуврал 20 гаруй бүтээл туурвиж олны хүртээл болгожээ.
Түүний бүтээлээс Дорноговийн иргэдийн амьдрал тэмцэл, үүх түүх, хөгжил дэвшил, томоохон бүтээн байгуулалтууд үйлдвэр, барилга, хотжилт гээд олон түүхэн агшныг тольдон үзэх боломжтой.