Индонез, Оросын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-05 11:29:07

ЖАКАРТА, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Индонез, Оросын тэнгисийн цэргийнхэн даваа гарагт Ява тэнгист хоёр улсын түүхэнд анх удаагаа хамтарсан цэргийн сургуулилалт хийж эхэлсэн тухай Индонезийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгджээ. Энэ нь Зүүн Өмнөд Азийн тус улс аль ч улстай нөхөрлөх хүсэлтэй байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.


Индонезийн шинэ Ерөнхийлөгч Прабово Субианто улс орныхоо олон жилийн турш баримталж ирсэн эвсэлд үл нэгдэх гадаад бодлогын хүрээнд аль ч улстай харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэж, батлан ​​​​ хамгаалах салбарт Оростой илүү нягт харилцаатай байхаа мэдэгдсэн энэ үед энэхүү хамтарсан сургуулилалт болж байна.


Уг сургуулилалт нийслэл Жакарта хотоос зүүн зүгт орших Сурабая хотын ойролцоох Ява тэнгист баасан гараг хүртэл үргэлжлэх ажээ. Өнгөрсөн ням гарагт Оросын байлдааны дөрвөн хөлөг онгоц уг тэнгист ирсэн байна.


Индонезийн тэнгисийн цэргийн командлагч Дених Хендрата мэдэгдэхдээ, Оросын байлдааны хөлөг онгоцууд алс холоос Индонезид ирж, хоёр орны дипломат харилцаа, ялангуяа тэнгисийн цэргийн хүчний хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой хамтарсан сургуулилалтыг анх удаа хийж байна гэжээ.


Энэхүү сургуулилалтын зорилго бол хоёр орны тэнгисийн цэргийн хүчин мэдлэг туршлагаа солилцох явдал гэж Оросын төлөөлөгч хэлснийг дээрх мэдэгдэлд дурдсан байна. ОХУ-аас Индонезид суугаа Элчин сайд Сергей Толченов даваа гарагт хэлэхдээ, энэ сургуулилалт нь аль нэг улсын эсрэг чиглээгүй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах зорилготой гэсэн байна.


Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү сургуулилт нь Индонез улс аль ч улстай нөхөрлөх эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Индонез улс дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ сургуулилалт харуулж байна” гэж Олон улсын харилцааны профессор Йоханес Сулайман дүгнэн хэллээ.


Ерөнхийлөгч С.Прабово энэ оны долоодугаар сард Москвад очихдоо Оросыг агуу анд нөхөр” гэж тодорхойлжээ. Индонез улс бусад улстай мөн цэргийн сургуулилт хийсээр ирсэн юм. Тухайлбал, АНУ-тай хамтран “Супер Гарьд бамбай гэдэг нэртэй сургуулилалтыг 2006 оноос хойш жил бүр хийж байгаа бөгөөд хоёр долоо хоног үргэлжилсэн 2024 оны сургуулилалтад 4500 гаруй алба хаагч оролцжээ.

 


Холбоотой мэдээ