“Монголын үнэн” сониныхон 105 дахь жилийнхээ түүхийг өнөөдрөөс бичиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-08 13:54:48

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 105 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэн гарч байгаа цор ганц сонин бол Монгол Ардын намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонин юм.


Тус редакцын хамт олон өнөөдрөөс 105 жилийнхээ түүхийг бичиж эхэлж байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид санаачилж, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх тэргүүтэй бичгийн мэргэд анхны мэдээ, мэдээллээ бэлтгэн Эрхүү хотод “Монголын Үнэн” нэртэйгээр хэвлүүлэн Нийслэл хүрээнд оруулж ирсэн байдаг. Тэрхүү өдөр нь 1920 оны арваннэгдүгээр сарын 10 ажээ. Энэ цаг үеэс “Монголын Үнэн” сонин монгол түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудаж, Ардын засгийг байгуулалцаж, Анхдугаар Үндсэн хуулийг нийтлэн таниулж, Бүх нийтийг бичиг үсэгт сургаж, 1939 онд Халхын голын дайнд дайчлагдаж, Монгол хэмээх улсыг байгуулахын төлөө нийтийн санал асуулыг явуулахад хамтарч, НҮБ-ын гишүүн орон болсон мэдээллийг анх удаа мэдээлж, монгол хүнийг сансарт нисгэж, Монголын төмөр зам, агаарын тээврийн анхны тээвэрлэлтийг эхлүүлж, Монгол хүн олимпын аварга болоход, 1990 оны Ардчилсан хувьсгал ялахад, монгол хүн үг хэлэх эрхээ эдлэхэд “Монголын Үнэн” сонины оруулсан хувь нэмэр их.


1920-1921 онд анхны зургаан дугаар Эрхүү хотноо чулуун бараар хэвлэн гаргажээ. “Монголын үнэн” сониныхон 103 жилийн ойгоороо анхны зургаан дугаараа эмхэтгэж байсан бол энэ удаа ““Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт зүйл, монгол үндэстний өмч мөн” эрдэм шинжилгээний эмхтгэлийн уншигчдадаа хүргэж байна. Уг бүтээлийг соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн эмхэтгэж, соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль болон Б.Лхагважав нар ариутган шүүжээ.


Эмхэтгэлийн нээлтийн үеэр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг хэлэхдээ “105 жилийн өмнөх түүхүүдийг “Монголын үнэн” сонин тодотгож, өөрийнхөө үнэний эрэлд гарч, эрдэм шинжилгээний бүтээл, дугааруудаа эмхэтгэн түүх болгон үлдээж байна. Түүхийг түүхээр нь, “Монголын үнэн” сониныг үнэнээр авч үлдэхийг үнэнчүүд хүсэж байгаа юм. Өнөөдөр Монголд 105 жил гарсан сонин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байхгүй. Өнөөдөр цахим хэвлэл хүчээ авч, цаасан хэвлэл шахагдаж байгаа ч монгол төрийн, түмэн олны архив, нотлох баримт болж үлддэгээрээ давуу талтай. Өнөөдөр бид 24621 дэх дугаараа хэвлэлээ. Л.Түдэв эрхлэгч энэ сониныг удирдаж байхад 210 мянган захиалагчтай байсан. Социализмын үед өдөр тутамдаа 60-80 ширхэг хэвлэгдэж байсан. Энэ ташрамд, “Монголын үнэн” үе үеийн уран бүтээлчид, хамт олондоо 105 жилийн ойн мэнд хүргэе” гэв.














Холбоотой мэдээ