ДУНДГОВЬ: М.Эрхсаран залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулсан Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн жюү жицү бөхийн дугуйлангийн сурагч Мөнхбатын Эрхсаран хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний шар бүсний -44 кг жинд барилдсан юм. М.Эрхсаран 2022 оны 11 дүгээр сараас "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн жюү жицү дугуйланд Х.Пүрэвдэлгэр багшийн удирдлага дор тасралтгүй хичээллэж байна.
2024 оны нэгдүгээр сард зохион
байгуулсан жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан төдийгүй энэ зун Улаанбаатар
хотноо зохион байгуулсан Зүүн Азийн жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд 44
кг-ын жинд барилдан түрүүлсэн юм.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах дээрх тэмцээнд "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн жюү жицү бөхийн дугуйлангийн сурагч Д.Гандорж, Ө.Цэрэнжаргал нар мөн амжилттай оролцсон байна.