ДАРХАН-УУЛ: Хоёрдогч эх үүсвэр барих байршлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арванхоёдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэл болон бусад аймгаас шилжин ирж буй иргэдийн тоогоор Дархан хот улсдаа тэргүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 8000 орчим иргэн шилжин ирсэн статистик мэдээлэл байдаг. Үүнийг дагаад шинээр барих хороолол, хотхон нэмэгдэж байгаа нь дулааны хэрэглээг эрс нэмэгдүүлж, дулаан, цахилгаан хангамжийн хэрэглээ өссөн үзүүлэлтэй гэж өнгөрсөн сард салбарынхан дүгнэсэн.
Иймд хоёрдогч эх үүсвэр барих асуудлаар 14 хоногийн өмнө Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзийгөөр ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймагт ажиллаж, эрчим хүч, дэд бүтцийн салбарын удирдлагуудтай уулзалт хийсэн байна.
Харин өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон эрчим хүчний салбарынхан Дархан хотод дулааны эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийг барих байршлыг судлах, тодорхойлохоор ажиллалаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, "Дархан хотын хүн ам жилээс жилд өсөж байна. Үүнийг даган эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж Дулааны станц, дулаан хангамжийг сайжруулах шаардлага бий болж байна. Тиймээс хоёрдогч эх үүсвэрийг ойрын хугацаанд яаралтай барьж ашиглалтад оруулах нөхцөл үүссэн.
Өнөөдөр мэргэжлийн болон дэд бүтэц, инженерийн байгууллагын төлөөлөлтэй Дархан хотын аль хэсэгт хоёрдогч эх үүсвэрийг барих боломжтойг судалж байна.
Эхний ээлжид бид зөвхөн ДЦС гэдэг хувилбараар тооцоолж байна. Өнөөдөр хоёр байршилд барих боломжтой гэж газраа сонгож, үзэж судалж байна. Удахгүй эцсийн шийдвэрээ гаргана.
Мөн өнөөдөр ЭХЯ, ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийнхэн тендер шалгаруулсан байна. Үүнд оролцсон ААН байгууллагууд ирэхэд бид газраа танилцуулахад бэлэн байх ёстой гэдэг зарчмаар бид ажиллаж байна" гэв.