ДУНДГОВЬ: М.Эрхсаран “2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн жюү жицү
бөхийн дугуйлангийн сурагч Мөнхбатын Эрхсаран биеийн тамир спортын төрөлд “2024
оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
Дундговь аймгийн хэмжээнд жил бүр Сурлагын амжилт, Урлаг,
уран бүтээл, Биеийн тамир, спорт, Монгол ёс түүх, соёлыг өвлөн уламжлагч,
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, Хүүхдийн
оролцооны өөрийн удирдлагын байгууллага, Багийн амжилт, Техник сэтгэлгээ, шинэ
санал гэсэн 9 чиглэлээр оны онцлох хүүхдүүдийг шалгаруулдаг.
М.Эрхсаран Говийн ирээдүй сургуулийн 9 дүгээр ангид
сурдаг. Тэрбээр 2024 онд жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд
оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, Улаанбаатар
хотноо зохион байгуулсан Зүүн Азийн жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд 44
кг-ын жинд барилдан түрүүлсэн төдийгүй 2024 оны 11 дүгээр сард Арабын Нэгдсэн
Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулсан Залуучуудын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.
М.Эрхсарангаас гадна “2024 оны онцлох хүүхэд”-ээр 7 хүүхэд, нэг баг шалгарчээ. Тодруулбал, Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Эрдмийн далай сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Б.Пагмадулам, Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд Цэгцбилиг сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Э.Цэрэндолгор, Сурлагын амжилт төрөлд Хүмүүнлэг сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Ө.Март, Урлаг, уран бүтээл төрөлд Говийн ирээдүй сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч М.Цэрэнханд, Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд Эрдмийн далай сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч Н.Анхмаа, Байгаль хамгаалал, эрүүл, аюулгүй орчин төрөлд Эрдмийн далай сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Н.Өсөхбаяр, Техник сэтгэлгээ, шинэ санал төрөлд Цэгцбилиг сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Х.Анужин нар шалгарлаа.
Харин Багийн амжилт төрөлд Хүмүүнлэг
сургуулийн сурагчдын “Од” баг тодорчээ.