ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 75.1 хувьд зудын эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. 2025 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар гаргасан Говь-Алтай аймгийн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 75.1 хувьд зудын эрсдэл их гарсан тухай цаг уурын байгууллагаас танилцууллаа.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 75.1 хувьд их (нэн их 34.5%, их 40.6%), 24 хувьд нь дунд зэрэг, бага эрсдэлтэй (бага эрсдэлтэй 0.9 хувь, хамгийн бага 0.0%) гарлаа. Хөхморьт, Жаргалан, Тайшир, Дэлгэр сумуудын нийт нутаг, Халиун, Баян-Уул, Есөнбулаг, Бигэр сумын ихэнх нутгуудад нэн их эрсдэлтэй, бусад суманд их эрсдэлтэй гарсан байна.
2024 оны 12 дугаар сард Тонхил, Жаргалан, Цээл, Эрдэнэ сумын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, Баян-Уул, Тайшир, Төгрөг, Цогт суманд уур амьсгалын дунджаас бага, бусад сумын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орсон
бөгөөд хөрсний гадарга дээр хамгийн бага температур Алтай суманд -25 градус, Шарга суманд -41 градус, бусад нутгаар -30-37 градус хүрч хүйтэрчээ.