Нэг өдрийн турш иргэд номын ертөнцөөр аяллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-22 13:37:31

Өмнөговь аймагт энэ сарын 21-нд буюу өчигдрийн турш "Номын баяр" арга хэмжээ болж иргэд, хүүхдүүд номын ертөнцөөр аяллаа.

Номын баярын хүрээнд "Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган 50 боть" , "Багын найз-Миний ном" номын үзэсгэлэн, сумдын номын сангуудын тэргүүний туршлагаар үзэсгэлэн гаргасан юм. Сумдын сайн туршлагуудаас Булган сумын үлгэрийн баатруудын сэдэвт даавуун ном, эвлүүлдэг тоглоом зэрэг нь хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа.

Мөн "Номын баяр"-ын үеэр бяцхан уншигчиддаа зориулсан үлгэрийн цагаар "Заан туулай хоёр" үлгэрийг аймгийн ХЖТеатрын бүжигчин Галиндэв уншиж хүүхдэд хүргэсэн нь тэдэнд их таалагд сан бөгөөд хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг эртний уламжлал үгүй болсныг ч иргэд хөндөн ярилцаж байсан юм.

Мөн дээрх баярын үеэр "30 ном уншъя" буюу 30 номын уналт тэмцээнийг "Алтан говь" телевизтэй хамтран зохион байгуулсан юм.

Тус тэмцээнд Даланзадгад сумын сургуулиудын 10-р ангийн сурагчид оролцсон байна. Номын тухай танин мэдэхүйн болон алдарт зохиолуудын баатрын талаарх асуултуудад "Эрдмийн гэгээ"  2 дугаар сургуулийн 10а ангийн сурагчид Л.Хонгорзул, Б.Цогзол нар багаараа ялагч боллоо. Энэхүү тэмцээний анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уншигч хүүхдүүд болоод иргэдэд маш их таалагдсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ