НҮБ-ын 2017-2021 Хөгжлийн тусламжийн хүрээний нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-10-22 13:54:11

НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ/НҮБХТХ/-ний нээлтийн ёслол 2016 оны 10 дугаар сарын 21-нд буюу баасан гарагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл болон Их Номин танхимд боллоо.

Ёслолыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, НҮБ-ын Суурин төлөөлөгч Биата Транкман нар нээж үг хэлсэн юм. Энэ үеэр 2017-2021 онд НҮБХТХ болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо бүхий хэрэгжүүлэлтийн гурван үр дүнгийн талаар товч тайлбар хийв.

Тухайлбал, Үр дүн 1 буюу Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих талаар НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова, Үр дүн 2 буюу Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх талаар НҮБХС-гийн Суурин төлөөлөгч Робэрто Бэнэс, Үр дүн 3 буюу Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх талаар НҮБХАС-гийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар тус тус товч танилцуулсан юм.

Монгол Улс дахь НҮБ нь улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай 50 гаруй жил хамтран ажиллаж байна.

Энэхүү 2017-2021 онд хэрэгжүүлэх НҮБХТХ нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалын 2030”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэх цогц хөтөлбөр юм.

 Зөвшилцөл танхимд болсон НҮБХТХ-ний нээлтийн ёслолын дараа Монгол Улс НҮБ-ын гишүүнээр нэгдсэний 55 жилийн ой болон НҮБ-ын өдрийг тэмдэглэх хүлээн авалт боллоо. Хүлээн авалтын үеэр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд энэхүү түүхт ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ