ОРХОН: Монголын хүүхдийн спортын өвлийн наадамд тусгай олимпын гүйлтийн цаныг багтаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-05 12:34:38

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулахаар болжээ.


Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд анхдугаар наадам 1999 онд болсон бол отгон наадмыг 2023 онд зохион байгуулжээ.


Гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрлөөр, наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цаныг багтаасан байна.


Тус наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар өөрчлөлт орсон байсан ч Орхон аймаг өмнө нь өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулж байсан, гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр 10 гаруй удаагийн  уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулсан туршлагатай гэж үзсэн тул Эрдэнэтэд хийхээр тогтжээ.


Өвлийн спортын наадам Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн болохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ