Индонезид цаазын ял сонссон Францын иргэнийг нутагт нь буцаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАКАРТА, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Индонезид 20 орчим жилийн өмнө мансууруулах бодистой холбоотой хэргээр цаазын ял сонссон Францын иргэн Серж Атлауи мягмар гарагт нутаг буцах гэж байгаа тухай Индонезийн шоронгийн удирдлагууд мэдээлжээ.
Түүнийг 2007 онд цаазын ялаар шийтгэсэн байна. Харин Францын тал эрчимтэй шахалт үзүүлснээр 2015
онд ялыг гүйцэтгэхийн өмнөх эцсийн мөчид ялыг хойшлуулсан байна. С.Атлауи
өнгөрсөн 12 дугаар сард
Индонезийн Засгийн газарт хандан үлдсэн ялаа Францад эдлэх хүсэлт гаргажээ.
Дөрвөн хүүхдийн эцэг, 61 настай тэрбээр
хорт хавдраар өвчилсөн гэх мэдээлэл бий. Нэгдүгээр сарын 24-нд Индонезийн тал түүнийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ. Хэлэлцээрт дурдсанаар, С.Атлауи хүндээр өвчилснийг харгалзан “хүмүүнлэг ёсны үүднээс” нутаг буцаахыг Жакарта зөвшөөрсөн байна. Францын
иргэн долоо хоног бүр эмнэлэгт эмчлүүлж
байгаа ажээ.
2005 онд баривчлагдсан С.Атлауи Жакарта хотын захад орших нэгэн үйлдвэрт сэтгэцэд
нөлөөлөх MDMA хэмээх мансууруулах
бодисыг үйлдвэрлэхэд оролцсон хэргээр ял сонсжээ. Тэрбээр өнгөрсөн 19 жилийн турш өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байсан бол өмгөөлөгчид нь түүнийг тус үйлдвэрт гагнуурчин
хийдэг байсан, химийн бодисын талаар ямар ч ойлголтгүй байсныг дурддаг.
Индонез бол мансууруулах бодистой тэмцэх тал дээр хамгийн хатуу чанд хуультай орон юм. Харин сүүлийн үед гадаадын хоригдлуудыг эх орон руу нь шилжүүлэх болжээ. Шоронгуудын ачааллыг бууруулахын тулд тус улсын эрх баригчид хоригдлыг шилжүүлэх, өршөөл үзүүлэх тухай шинэ журмыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн 12 дугаар
сард Индонез улс Канберрагийн хүсэлтээр “Балигийн ес” гэгддэг мансууруулах бодисны бүлэглэлийн таван гишүүнийг Австралид шилжүүлэн өгсөн юм. Мөн 2010 онд тээшнээс нь 2.6 кг героин илэрсний улмаас цаазын ял сонссон Филиппиний иргэн Мэри Жэйн Велосо Индонезид 15 жил ял эдэлсний эцэст 12 дугаар сард гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.