ДОРНОГОВЬ: Тэмээгээ хамтдаа уяж, унаж хурдлуулдаг гэр бүл аймаг, сумын алдарт уяач боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-11 09:22:54

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 11/МОНЦАМЭ/. Энэ сарын 7-8-нд болсон “Их говийн тэмээ-2025” наадам Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн тэмээчид, малчид оролцсон, 1000 гаруй тэмээ цугларсан өргөн дэлгэр наадам боллоо.


Энэ үеэр Дорноговь аймгаас анх удаа аймгийн алдарт, сумын алдарт уяач болсон нэгэн гэр бүлийг онцолж байна. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Баавгайн Ариунболд тэмээн уралдааны аймгийн алдарт уяач болсон бол түүний гэргий Дашцэрэнгийн Батцэцэг тэмээн уралдааны сумын алдарт уяач боллоо.


Б.Ариунболд 2015 онд анх тором уяж хурдлуулснаас хойш тэмээгээ аймаг, бүс, сумын наадамд тогтмол уяж айраг түрүү хүртэж байжээ. Тэмээний наадамд тэд 10 тэмээтэй ирснээс богино зайны уралдаанд “Бонг” хэмээх шар ат нь айргийн тавд хурдалжээ. Энэ шар ат аймаг, бүсийн наадмын долоон түрүү хүртэж, 24 айраг амссан Дорноговь аймагтаа хамгийн өндөр амжилт тогтоогоод байгаа хурдан тэмээ юм.


Эдүгээ тэднийх 400 гаруй тэмээ маллахаас гадна эхнэр, нөхөр хоёр тэмээгээ аймаг, сум, бүсийн уралдаанд уяж, хамтдаа унаж уралдуулдаг нь онцлог юм.


Тэмээний баярын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн болсноос гадна тэмээчдийн өв уламжлал, соёлыг харуулсан жин тээх, тэмээ хомнох, сонин содон үзүүлбэр бүхий нээлт, тэмээчидтэй холбоотой тусгай үзэсгэлэн, сумдын онцлогийг харуулсан үзэсгэлэн, ардын авьяастнуудын уралдаан, атан тэмээ, тайлаг, тором, тэмээн поло тэмцээн болж хол ойроос ирсэн зочин гийчний нүдийг хужирласан юм.


Энэ өвөл говьд цас багатай өнтэй сайхан өвөл болж байгаа ч тэмээний баярын үеэр хамгийн хүйтэн өдрүүд тохиосон юм. Тэмээ бол хүйтрэх тусам өнгө орж, жавхааждаг онцлогтой амьтан. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймаг 58119 тэмээ тоолуулсан.


Өмнөх оныхтой харьцуулахад тэмээний тоо толгой 3582 буюу 6,6 хувиар өсжээ. Мандах 11047 тэмээгээр аймагтаа тэргүүлж байгаа бол удаах байрт Хатанбулаг 11003, Хөвсгөл 7058, Сайхандулаан 6042, Улаанбадрах 6019 тэмээгээр эхний тавд бичигдэж байна.


Холбоотой мэдээ