АРХАНГАЙ: Зудын эрсдэлийн малд нөлөөлөх урьдчилсан төлөвийг анх удаа гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зуншлага, зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглал, үнэлгээг гаргадаг.
Зудын эрсдэлийн үнэлгээг
ашиглан нийт малын зудын эрсдэлд өртөх байдлын урьдчилсан төлөвийг анх удаа
боловсруулан гаргажээ.
2024-2025 оны
өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай,
Баянхонгор, Хөвсгөл, Архангайн зарим сумаар
даац олон дахин хэтэрч гарсан.
Зудын эрсдэлийг
2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их
болон их, 40 гаруй хувьд нь дунд
зэрэг эрсдэлтэй байгаа бол 10
гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гэж гарчээ.
Аймгийн дүнгээр
авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор,
Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумын нутгаар нэн их болон их
эрсдэлтэй байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын
эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага
болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Зудын эрсдэлийн малд нөлөөлөх урьдчилсан төлөвийг багийн түвшинд тооцоход Монгол орны нийт малын тоо толгойн 24 хувь нь маш их, 47 хувь нь их, 17 хувь нь дунд, 13 хувь нь бага өртөх гэсэн ангилалд байна. Харин бүсээр авч үзвэл баруун аймгуудын хувьд 37 хувь, төвийн аймгуудын хувьд 23 хувь, говийн аймгууд хувьд 5 хувь, зүүн аймгуудын хувьд 7 хувь нь маш их өртөх ангилалд байгаа ажээ.