БАЯНХОНГОР: 3-4 дүгээр ангийн 900 сурагч цахим англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-13 11:29:37
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 104 сургууль 3-4 дүгээр ангийн цахим англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Баянхонгор аймагт Номундалай, Номгон, Өлзийт сумын гуравдугаар ангийн 481, дөрөвдүгээр ангийн 479 сурагч цахим англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байна.

Баянхонгор аймгийн Боловсролын газрын даргын томилсон ажлын баг энэ сарын 10-12-нд дээрх сургуулиудад хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус багийнхан багш болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг олох, зөвлөх, судалгааны үр дүнд үндэслэн сайжруулалт хийх талаар зөвлөлдөв. Мөн үеэр сурагчид, хамгийн дуртай хичээл нь англи хэл болох талаар, англи хэлийг баяр хөөртэйгөөр суралцаж байгаагаа хэлж байлаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад хэвлэмэл сурах бичиг ашиглан суралцахаас гадна өөрийн удирдлагаар цахимаар бие даан суралцах бүрэн боломж нээгдэж, багш сургалтын цахим систем дээр танхимын болон цахим сургалтын хосолсон арга зүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг дасгал бүрийн зааварчилгааг ашиглан заах боломж бүрджээ.

Мөн үнэлгээний бүрэн системийг ашиглан суралцагчдаас шалгалт авах, үнэлэх, хянах, хоцрогдол арилгах боломжтой болсон нь багшийн ачааллыг багасгах, стандартын дагуу үнэлгээ хийх, багш хамт суралцах, ахих, олон улсын шалгалтад бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Тус платформыг ашигласнаар сурагчдын ярих, сонсох, бичих, унших дөрвөн чадвар жигд хөгжих боломжоор хангагдаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай" 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай" А/353 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр турших, хэрэгжүүлэх, жагсаалт батлах тухай" А/68 дугаар тушаалаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ