ХОВД: Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-15 14:01:47

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж байна.

Тухайлбал, энэ сарын 14-нд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн болов.

Тэмцээнд зургаан байгууллагын 70 гаруй алба хаагч оролцож, жагсаалын үзлэг, галын бэлтгэл, биеийн тамирын норматив боловсруулах, 10 км гүйлт гэх мэт даалгавар гүйцэтгэж өрсөлджээ. 

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 123 дугаар анги, дэд байрт Онцгой байдлын газар, гуравдугаар байрт  Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбар тус тус шалгарлаа. 

Дээрх тэмцээн нь алба хаагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрыг хөгжүүлэх замаар байлдааны болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх давуу талтай юм.

Холбоотой мэдээ