ДУНДГОВЬ: 2025 оныг "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа.
Эрэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих хандлага сул байдгаас тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс доогуур үзүүлэлттэй байна.
Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр 2024 онд тус аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80 нас байсан бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70.9 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.1 жилээр бага байгаа юм.
2024 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хэмжээнд нас баралтын 226 тохиолдол бүртгэгдсэний 64.1 хувь нь эрэгтэй байгаа бол Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн урьдчилан сэргийлэх үзлэгт 183334 иргэн хамрагдсанаас 35.8 хувь нь эрэгтэй байв. Иймээс тус аймгийн Эрүүл мэндийн газар 2025 онд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах зорилт дэвшүүлжээ.
Энэ зорилго дор өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулжээ.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун зөвлөгөөний оролцогчдод
хандан хэлсэн үгэндээ “Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд
“Эрүүл Дундговь᠌”, “Хүний нөөцийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд
эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг чадавхжуулах, сумын эрүүл мэндийн
төвийн хүний нөөцийн хангалтыг
нэмэгдүүлэх, энэ онд хавдрын эмчилгээг
орон нутагт нэвтрүүлж эхлэх, цаашид эрүүл мэндийн салбараа бүсийн хэмжээнд
тэргүүлдэг болгоно” хэмээн онцолсон.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх ба Дундговь аймгийн 10 суманд шаардлагатай байгаа түргэн тусламжийн машиныг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлжээ.
Энэ үеэр Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх MON-9218 төслийн 266.0 сая төгрөгийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд холбогдох боломжтой 360 градус эргэдэг, ухаалаг “Харалттай суурин рентген аппарат”-ыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.