ТӨВ: Зуунмод цэргийн хүрээний баярын ёслолын жагсаал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Зуунмод цэргийн хүрээний ёслолын жагсаалыг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
Энэ жилийн ёслолын жагсаалын үеэр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ашиглагддаг зэвсэглэл техник, багаж хэрэгслийн үзэсгэлэн дэлгэсэн нь онцлог байв.
Мөн энэ жил анх удаа хээрийн гал тогоо дэлгэж, хүрэлцэн ирж сонирхсон иргэдэд амталгаа хийв.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Зэвсэгт хүчний 016-р нэгтгэл, Зэвсэгт хүчний 334-р анги, Хилийн цэргийн 0267-р анги, Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс ажил үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ лавлагаа, мэдээллүүдийг өгч байв.
Өдгөөгөөс 104 жилийн тэртээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулах, анхны түүхэн ялалтаа тунхаглан зарлаж байсан түүхтэй. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна.