Газрын тосны үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-03-19 16:52:47

НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украинд гурван жил үргэлжилж буй дайныг зогсоох алхмуудыг хэлэлцсэний дараа Оросын шатахууны экспортод тавьсан хориг арга хэмжээнүүдийг сулруулж магадгүй байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ нэг хувиар буурчээ.


Орос, Украины талууд эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөхөө 30 хоногийн турш зогсоох Д.Трампын саналыг В.Путин зөвшөөрсөн юм. Энэхүү мэдээ гарсны дараа Брент маркийн газрын тосны үнэ 51 цент буюу 0.7 хувиар буурч, нэг торх нь 70.56 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 68 цент буюу 1.0 хувиар буурч 66.90 ам.доллар болжээ.


Гэхдээ Украинд гал зогсоох талаар АНУ, Оросын талууд тохиролцоонд хүрсэн ч гэсэн Оросын эрчим хүчний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх хүртэл нэлээд хугацаа шаардагдана гэдгийг шинжээчид хэлж байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн /EIA/ мэдээллээр, Орос улс 2024 онд өдөрт 9.2 сая торх түүхий газрын тос олборлосон нь 2022 оныхтой /9.8 сая торх/ харьцуулахад буурсан байна. Уг үзүүлэлт 2016 онд 10.6 саяд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч байжээ.


Оросоос газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх магадлалтай байгаагаас гадна Д.Трампын ногдуулж буй татвараас үүдэлтэй эдийн засгийн болгоомжлол нь түүхий газрын тосны үнэд нөлөөлж байна. Татвар ногдуулах шийдвэр Америк, Канад, Мексикийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, дэлхийн эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ анхааруулжээ.


Wood Mackenzie” фирмийн шинжээчид 2025 онд Брент маркийн газрын тосны үнэ дунджаар нэг торх нь 73 ам.доллар байна гэж урьдчилан тооцоолсон нь 2024 оныхоос долоон ам.доллараар буурсан байна. Энэ сарын эхээр Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон Орос зэрэг холбоотнууд багтдаг ОПЕК+ ирэх дөрөвдүгээр сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ