Сүрьеэгийн эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр өнөөдөр тохоиж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тохиодог эл өдрийг энэ жил “Тийм ээ! Бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, хөрөнгө оруулъя, үйлчилгээг хүргэе” уриан дор тэмдэглэж байна. Уриа нь итгэл найдвар, шуурхай хариу арга хэмжээ, хариуцлагыг бэхжүүлэхийг агуулсан аж. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийв.
Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ярихдаа, “Сүрьеэ нь нас баралтаар тэргүүлдэг халдварт өвчин. 2023 онд дэлхий даяар 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.25 сая хүн нас барсан. 2023 онд сүрьеэгээр өвчилсөн нийт хүмүүсийн 17 хувь нь Номхон далайн баруун бүсэд бүртгэгдэж, Америк болон Номхон далайн баруун бүсэд өвчний тархалт нэмэгдсэн. Монгол Улсын хувьд сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг, дарамт өндөртэй дэлхийн 30 улсын тоонд байна. Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 онд 100 мянга хүн тутамд 413 байсан бол 2023 онд 491 болж, 19 хувиар өссөн. Энэ нь сүрьеэгийн өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, хүн амын дунд өвчин идэвхтэй тархаж байгааг харуулав. Мөн 2020 онд сүрьеэгийн нас баралт 328 байсан бол 2023 онд 415 тохиолдол болж нэмэгдсэн. Энэ нь 2023 онд Монгол Улсад 21 цаг тутамд нэг хүн сүрьеэгээр нас барсан гэсэн үг юм. Сүрьеэгийн улмаас нас баралт нэмэгдэж буй нь эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн тэсвэржилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв.
Монгол Улсад сүрьеэгийн илрүүлэлт 20
хувь байгаа аж. Энэ нь тооцоолсон өвчлөлийн 80 хувь нь илрээгүй, эмчлэгдээгүй,
хүн амын дунд халдвар тархах эрсдэлийг өндөр байна гэж үзжээ. Илрээгүй өвчлөл
нь 25-44 насны бүлэг, эрэгтэйчүүдийн дунд өндөр үзүүлэлттэй байна. Мөн архины хэт хэрэглээ, тамхидалт,
чихрийн шижин зэрэг Монгол Улсад сүрьеэ өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийн тоонд
ордог. Эдгээр эрсдэлт хүчин зүйлийг бууруулахын тулд Эрүүл мэндийн салбар
доторх, салбар дундын хамтын ажиллагаа болон олон нийтийн оролцоог хослуулсан
олон талт ажил хийх шаардлагатай байгаа аж.