Хүүхэд харах үйлчилгээнд 356 хүүхэд хамарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-28 09:57:08

Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 76 хүүхэд харагч ажиллаж, 2-5 насны энгийн 321, хөгжлийн бэрхшээлтэй 35, нийт 356 хүүхэд хамарч байна. 

Тус аймагт 17 сумын 29 нэгжид хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, хүүхэд харах үйлчилгээнд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар  орон нутгийн хувьд цэцэрлэгийн хүртээмж муутай учир хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулснаар эцэг, эхчүүд ажил эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих, хамгаалуулах нөхцөл бүрдсэн.

Улмаар ахуйн осол, гэмтэлд өртөж буй бага насны хүүхдийн тоо 50 гаруй тохиолдлоор буурсан, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, гэртээ байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд үе тэнгийнхэн дундаа хөгжих, нийгэмших, зөв дадал эзэмших боломжтой болсон. Зарим хүүхэд дээр эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. гэртээ хараа хяналтгүй байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдаж, хүнд нөхцөлд амьдарч буй болон зорилтот өрхийн хүүхдүүд ихэвчлэн уг үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд хүүхдүүд өдөр тутам хэрэглэх хоол хүнсээ авч, зөв дадалд суралцаж, үе тэнгийнхэн дундаа нийгэмших боломж бүрдэж байна.

Гэвч хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн хувьд бичиг баримтын бүрдэл харилцан адилгүй, эмх цэгцэд анхаарах шаардлагатай, үйлчилгээ эрхэлж буй иргэд боловсролын хувьд харилцан адилгүй байгаагаас хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа гэнэ. Тус үйлчилгээ цаашид үргэлжлэн хэрэгжих, хэрэгжихгүй нь тодорхойгүй байгаагийн улмаас уг үйлчилгээ эрхэлж буй иргэдийн идэвх санаачилга буурч, үйлчилгээний байрыг тохижуулах, өргөжүүлэх асуудлыг зогсоож, эргэлзээтэй байдалд орсон зэрэг дутагдалтай асуудлууд гарчээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ