Хэлмэгдэлтийн үеийн гэрч болох үзмэрүүдийг дэлгэн тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-28 10:11:43

Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейд өмнө нь тавигдаж байгаагүй 1937, 1938 оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеийн гэрч болох толгойндоо нэг болон хоёр удаа буудуулан нас барсан лам нарын гавлын яс, гаанс, хонх гээд эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дэглэн тавьжээ.

Тус музей нь 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бурханч лам Д.Пүрэвбат 2000 онд  Мөрөн сумын урд байрлах лам нарыг буудан хороосон Элстийн ард малтлага хийж олдсон эд зүйлсийг музейд хүлээлгэн өгчээ. Мөн Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл,1931-1939 онд Төв цахилгаан станц, радио, авто өртөө, Мөрөн-Улаанбаатарын телефон утасны шинэ шугам ашиглалтад орсонтой холбоотой Морзын аппарат, Москва 5 гэрэл зургийн аппарат, Зоркий зургийн аппарат зэргийг дэлгэн үзүүлж байна.  

Орчин үеийн тоо бодох аргачлал үүсэхээс өмнө сампин нь хэдэн зууны туршид хэрэглэгдсээр ирсэн бөгөөд одоо ч гэсэн худалдагч, бичээч нар хэрэглэж байгаа  Хятад сампин, Цахилгаан тооны машин, Бичгийн болор чулуун дардас, Янтай  /бэхний сав/,  Сунадаг дуран зэрэг үзмэрийг үзүүллэгт тавьжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ