Шаргаморьт зуслангийн авто замыг засаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Зуслангийн бүсийн авто замын засвар шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэллээ.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварлаж байна. Цаашид зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг үе шаттай засварлана. Мөн нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар ярихдаа, “Зуслангийн чиглэлийн хөдөлгөөн эрчимжихээс өмнө Шаргаморьт зуслангийн авто замын засварыг эхлүүллээ. Энэ замын дараа Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг зуслангийн чиглэлийн авто замыг хөдөлгөөн эрчимжихээс өмнө засварлана. Мөн гол болон туслах замын шинэчлэлтийн хүрээнд 25 дугаар эмийн сангаас Амарсанаагийн уулзвар хүртэлх авто замын ажил эхэлсэн. Энэ жил мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг хэт хуучирсан гол гудамж, замуудыг засаж шинэчилнэ. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэв.
Энэ онд авто замын засвар шинэчлэлтийн
хүрээнд дамжин хэрэгжиж байгаа 26, шинээр 10 ажил төлөвлөөд байна. 1978 оноос
хойш их засвар хийгээгүй Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар
хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны
өргөн чөлөөний нийт 8.9 км авто зам болон Найрамдлын 16 км авто замын засварыг
долоодугаар сарын 10-наас өмнө хийж дуусгана гэдгийг албаныхан тодотгов.