ХӨВСГӨЛ: “Онцгой төгөл"-д анхны мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-23 19:04:46

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Онцгой төгөл” бий болгохоор зорин ажиллаж байна.


"Онцгой төгөл"-ийн талбайд анхны модыг Хөвсгөл аймагт ажиллаж байгаа УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр тарьжээ.



ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллах үеэр Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, хаваржилтын нөхцөл байдалтай танилцан Галт, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Хатгал, Тариалан суманд ажиллана.


Тэрбээр орон нутагт ажиллах үеэр аймаг, сумын хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх юм.


Мөн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх,  бүх шатанд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

 

 

Холбоотой мэдээ