ДУНДГОВЬ: I ээлжийн цэргүүд алба хаахаар мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 8 сумын цэрэгт тэнцсэн залуус Монгол
Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, албаа хаахаар өчигдөр
нутгаасаа мордлоо.
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг тус аймгийн Дэрэн,
Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт,
Сайнцагаан суманд 4 дүгээр сарын 21-нээс зохион байгуулж, 18-25 насны залуусыг
эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.
Үзлэгт тэнцсэн залуус ийнхүү цэргийн албанд татагдаж, Хилийн
цэргийн 0129, Дотоодын цэргийн 810 дугаар ангид алба хаах юм.
Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан “Цэргийн зарлан авсан залуус эрүүл мэндийн үзлэгт зайлшгүй хамрагдах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай. Энэ нь зөвхөн цэрэгт явах залуусыг сонгохоос гадна бидний залгамж халаа болсон цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өөрсдийнх нь биеийн байдлыг үзэж, тодорхойлдог ач холбогдолтой. Манай цэргүүд хилийн болон дотоодын цэрэгт татагдан алба хаахаар явж байна. Тэнд төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжиж, залуучуудыг хөгжүүлдэг. Тухайлбал, 9+3 хөтөлбөрөөр 9 сар цэргийн албаа хаагаад 3 сард нь цэргүүдийг хөгжүүлж, курс, сургалтад хамруулж, мэргэжил олгодог. Ингэснээр залуучууд цэргээс халагдсаны дараа төрийн албанд ажиллах боломж нээлттэй байдаг” хэмээн тодотголоо.
Цэргүүдийг үдэж мордуулах ёслолын ажиллагаанд тэдний гэр бүл, найз нөхөд, ах дүүсээс гадна аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Цэрэг татлагын товчооны даргын орлогч, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, анги, байгууллагын удирдлага, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар оролцож, цэргийн албанд тэнцэн, эх орноо хамгаалахаар явж буй залууст амжилт хүссэн юм.