Боксын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын боксчид Европын цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон билээ.
Тэгвэл эхний чансаа тогтоох тэмцээн Польшийн Фелик Стамм хотод эхэлжээ. Тус тэмцээнд оролцож буй манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Норвегийн тамирчин Брун Анабельтай 4:1-ээр ялсан ч хоёрдугаар тойрогт Болгарын боксчин Чуканова Златиславад ялагдсан байна. Тэгвэл 57 кг-ын жинд Э.Мичидмаа Узбекистаны тамирчин Хуморабони Мамажоновад дийлджээ.
Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Ганболд Италийн тамирчин Мишеле Балдассид ялагдсан бол энэ жинд тулалдсан Т.Энхтөр Туркийн Чинар Мехметханыг 5:0-ээр буулган авсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны Олимор Самандард хожигдлоо. 65 кг-ын жинд сугалаагаар манай хоёр хоорондоо таарахад шүүгчдийн 3:2 гэсэн саналаар Б.Мишээлт Э.Бат-Өлзийг ялсан байна.
Өнөөдөр манай зургаан тамирчин рингэнд гарна.
Эмэгтэй
48 кг жинд
Э.Номуундарь vs Нурселен Яалгеттекин (Турк)
54 кг жинд
М.Энхжаргал vs Викториа Рогалинска (Польш)
54 кг жинд
О.Есүгэн vs Мелисса Боуноуа (Франц)
Эрэгтэй
55 кг жинд
Г.Лундаа vs Эллис Тровбридж (Англи)
55 кг жинд
Х.Билгүүнсайхан vs Павлик Николас (Польш)
65 кг жинд Б.Мишээлт vs Патрис Мугалзай (Англи) тулалдах хуваарьтай байна.