Итали руу явж байсан 240 гаруй цагаач амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-04 09:00:19

РОМ. /Prensa Latina/. Ливиэс Итали руу явж байсан хоёр завь Газар Дундын тэнгист хөмөрч живсний улмаас 240 гаруй цагаач амиа алдсан тухай НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын /UNHCR/ Итали дахь салбарын хэвлэлийн төлөөлөгч Карлотта Сами мэдэгдлээ.

Энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийг Италийн Лампедуза арлын эрэгт аваачсан байна. Мөн 12 хүний цогцсыг аврагчид олжээ.

2016 он гарснаас хойш Европт хүрэхийн тулд Газар Дундын тэнгисийг гатлах гэж яваад амиа алдсан дүрвэгчид, цагаачдын тоо дээрх 240 хүнийг оруулаад 4220 болоод байна.

Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла дүрвэгчдийн хямралыг “энэ зууны хүмүүнлэгийн гамшиг” гэж тодорхойлжээ.

Энэ оны 1-10 дугаар сарын хугацаанд 159 350 хууль бус цагаачид Газар Дундын тэнгисийг гатлан Италид очжээ.

2016 он нь цагаачид, дүрвэгчид хамгийн олноор амь үрэгдсэн жил болж магадгүй гэж НҮБ анхаарууллаа.

Өнгөрсөн оны эхний арван сарын хугацаанд нэг сая гаруй цагаач, дүрвэгчид уг тэнгисийг гатлан Европт очиж байсан бол энэ он гарснаас хойш  330 мянга орчим хүн тус тивд ирээд байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ