Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-28 14:42:58

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Албаныхны мэдээлснээр он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 36.7 хувь өссөн үзүүлэлт аж. Түймрийн улмаас ойн 65768 га, хээрийн 565569 га талбай шатсан байна. Мөн таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 6300 гаруй мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, таван тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.


Тэгвэл өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван суманд ой, хээрийн түймэр асаж байгаа бөгөөд түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой ажиллаж байгаа юм. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Буурлын даваа”, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар гарсан түймрийг цурамд оруулсан аж.


Хурлын үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаргийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан. Энэ өдөр маргааш буюу тавдугаар сарын 29-нд тохиож байна. Тус өдрийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “Хяналтын хуудас”-ыг nema.gov.mn сайтад байршуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах Аюулгүй өрххяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй. Тиймээс иргэн бүр өөрийн болоод ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд 2-3 минутыг зарцуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна” хэмээн ярилаа. 

Холбоотой мэдээ