Шатрын спортын мастер нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-05 18:32:44

Оюуны спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, өсвөрийн олон шатарчин бэлдэж амжилтад хүргэсэн Дундговь аймгийн ахмад шатарчин Д.Санжмятав ЭМС-ын сайдын тушаалаар Шатрын спортын мастер цолоор шагнууллаа. Шагналыг өнөөдөр эхэлсэн “Мандалговь- 2016” шатрын нээлттэй тэмцээний үеэр Монголын Шатрын холбооны гүйцэтгэх захирал Б. Наранбаатар гардуулав.

Ахмад шатарчин Д.Санжмятав 60 жилийн турш шатрын спортыг сонирхон хичээллэсэн байна. Тэрээр залуу байхаасаа л шатрын спортын мастер болохыг хүсч зорьж байсан нь ийнхүү биелж, далан насныхаа босгон дээр энэхүү хүндтэй шагналыг авч байна хэмээн шагналаа гардан авах үеэр сэтгэгдэл хуваалцсан юм.

1961 онд тавдугаар ангид суралцаж байхад нь ЗХУ- ын гавъяат дасгалжуулагч Зак сургуульд нь зочлон ирсэн бөгөөд түүнтэй шатар тоглож тэнцсэн нь мартагдахгүй дурсамж болон үлдэж, улмаар шатрын спортыг шимтэх алхам болсон гэлээ. Хожим 18 настайдаа Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн тэмцээнд түрүүлж байсан нь ч урам зориг нэмж, өдгөө амьдралынхаа 60 жилийг оюуны спортод зориулжээ.

Д.Санжмятав “Шатар бол хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй, хүний сайн чанарыг төлөвшүүлж өгдөг. Хатуужил, тэвчээр суулгаж, амьдралд аливааг тооцоолон төлөвлөж  сургадаг оюуны гайхамшигтай спорт” гээд өөрийн шавь нар нь улс, аймгийн тэмцээнд амжилт гаргах бүрийд энэ спортоор бахархдаг хэмээн өгүүлсэн юм. Тэрээр гэрийн шавь сургалтаар хүүхдүүдэд шатар заадаг байна.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ