Засаглалыг сайжруулахад ил тод байдал тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-15 16:31:22

Бизнесээ зөв эхэлж чанарыг эрхэмлэн засаглалаа сайжруулж чадвал гурван хүнтэй компани ч өсч өндийнө хэмээн “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье” уриатай Үндэсний чанарын чуулганы төлөөлөгчид онцолж байна.

Аливаа компанийн ил тод байдал бүтээгдэхүүний чанарын илэрхийлэл болдог. Энэ хэрээр тухайн компани, аж ахуйн нэгжийн оршин тогтнох байдал нь сайжирна гэдэгт чуулганы төлөөлөгчид санал нэгдлээ.

Жил бүрийн 11 дүгээр сард Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэдэг бөгөөд Стандарчилал хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл, МҮХАҮТ хамтран Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж байна. Жил бүр бизнест тулгарч буй асуудлыг онцолж Дэлхийн чанарын өдрийн сэдвийг сонгон тодорхойлдог. Энэ жилийн сэдвийг “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье” гэсэн уриаг дэвшүүлжээ.

МҮХАҮТ-ын хурлын танхимд болж буй чуулганаар Засаглалын стандартууд, Чанар ба өрсөлдөх чадвар,  Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог дэмжих нь гэсэн үндсэн илтгэл тавьсан юм. Энэ жилийн хувьд чанарын асуудлыг ярихдаа зөвхөн бараа бүтээгдэхүүнээр хязгаарлахгүйгээр засаглалын чанарыг хэлэлцэж буйгаараа онцлогтой. Засаглал нь компани, аж ахуйн нэгж, байгууллагаар хэмжигдэхгүй төр ч үүнд хамааралтай гэдгийг үндсэн илтгэлүүдэд хөндсөн юм.  

Хувийн хэвшлийнхэн засаглалаа сайжруулснаар үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчид чанарыг шаарддаг байх хэрэгтэй. Компани, аж ахуйн нэгж, байгууллагууд олон улсын болон Европын холбооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь чухал байгааг илтгэгчид тодотголоо.

Чанарын талаар ийнхүү ярьж байна.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг:

-Нэг үеэ бодвол манай компаниудын засаглал, ил тод байдал сайжирч байгаа. Хямралыг боломж болгон харах, санхүүгийн бэрхшээл байсан ч засаглалаа сайжруулан бүтээгдэхүүнээ чанартай байлгахыг хичээдэг болсон. Түүнчлэн компаниуд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхэд анхаарч эхэлсэн. Үүний нэг үзүүлэлт бол хариуцлагатай бизнес эрхлэх 10 зарчмыг хүлээн зөвшөөрөх Даян дэлхийн гэрээнд нэгдсэн компаниудын тоо 171-т хүрлээ. Даян дэлхийн гэрээнд авлигаас ангид байх, хүүхдийн хөдөлмөр мөлжихгүй байх, байгаль орчинд  ээлтэй, засаглал нь сайн байх гэсэн зарчмуудыг тусгадаг. Сүүлийн үед  гадны хөрөнгө оруулагчид компаниудад хөрөнгө оруулахдаа хэр засаглалтай байгааг чухалчилдаг болсон. Тухайлбал авлигын эсрэг төлөвлөгөө болон засаглал сайжруулах хөтөлбөртэй эсэхийг нь сонирхдог. Монголчууд "Гараа сайн бол бариа  сайн" гэдэг. Бизнес эрхлэхдээ гараагаа зөв эхлээд явбал үр дүнд хүрдгийн олон жишээ бий. Гарааны бизнес гэдэг асуудлыг монголчууд хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Эхнээсээ үйл ажиллагаагаа зөв явуулбал үр дүнд хүрдэг жишээг Ламоур брэндээс харж болно. Тус брэнд Ази номхон далайн орнуудтай өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ийм жишгийг гарааны бизнес эрхлэгчид тогтоохын төлөө хичээх хэрэгтэй.

МХЕГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа эрсдлийн үнэлгээний төвийн дарга Б.Мөнхтуяа:

- Өнөөдөр хяналтаар ирж буй дээж багасч, сайн дурынх нэмэгдсэн.  Учир нь өмнө улсын байцаагчид бүтээгдэхүүний дээжийг МХЕГ-ын Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхээр авчирдаг байсан. Харин одоо тухайн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний дээжийг өөрсдөө авчирч шинжлүүлж байна. Энэ нь нэг талаасаа эрсдэлтэй. Тухайн үйлдвэрлэгч хамгийн шинэ, сайн бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлэхийг хичээдэг учир чанаргүй бүтээгдэхүүний илрүүлэлтэд нөлөөлөх явдал бий. Тиймээс үйлдвэр эрхлэгчид дотоод хяналтын лабораторийг чадавхижуулах хэрэгтэй байгаа. Дотоод хяналтын лаборатори олон улсын стандартыг хангаж байвал чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө.

 Дашрамд дурдахад  чуулганы үеэр бүтээгдэхүүн үйлчилгээгээр үлгэрлэж буй 20 гаруй компанийн үзэсгэлэнг МҮХАҮТ-ын хурлын танхимд нээсэн байв.  

 Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ