Архангай аймгийн БСУГ  жаран жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-16 15:39:27

ЕБС-ийн сурагчдын 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралтын  өдрүүдэд Архангай аймгийн боловсрол соёл урлагийн газар жаран жилийн ойгоо тэмдэглэлээ. Дэлгэр монгол орныхоо өнцөг булан бүрээс Архангай аймгийн сургалт арга зүйн байууллагад удирдлага, арга зүйч, мэргэжилтнээр алба хашиж  байсан үе үеийн ажилтнууд Цэцэрлэг хотод хуран цуларч, хийж бүтээсэн дурсамжаа эргэн хуваалцаж, цаашид хэрхэн дэвжих талаар санал бодлоо илэрхийллээ.

1956 онд тэр үеийн нэрээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 10 тоот тогтоолоор Гэгээрлийн яамны дэргэд багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Улаанбаатар хот ба таван аймгийн гэгээрлийн хэлтсийн дэргэд сурган хүмүүжүүлэх ухааны кабинетыг тус бүр хоёр хүний орон тоотой байгуулах шийдвэр гаргаснаар Архангай аймгийн сургалт арга зүйн байгууллагын түүх эхэлдэг.

Тэр үеэс эдүгээ хүртэл 1956-1962 онд сурган хүмүүжүүлэх ухааны кабинет, 1962-1970 онд сурган хүмүүжүүлэх зүйн тэнхим, 1970-1990 онд сургалт заах аргын кабинет, 1990-1995 онд судалгаа арга зүйн төв, 1995-2003 онд боловсрол соёлын төв, 2003-2016 онд боловсрол соёлын газар, 2016 оны намраас БСУГ нэртэйгээр багш нарын заах арга, ур чадвар, мэргэжил дээшлүүлэх, бүх шатанд боловсролын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил аргазүйн болон захиргааны удирдлагаар хангаж ирсэн ариун мөртэй билээ.

Гэгээрэл боловсрол соёлын салбар гэгч нь нэгээхэн том тэнгис далайтай зүйрлэм асар өргөн утгатай. Энээхэн зүйлийн нэг хэсэг болсон Архангай гэгээрэл боловсрол соёл урлаг нь олон зуун булаг шанд цөөрөм нуур гол горхийг нэгтгэсэн нэгэн том мөрөн цутгалан болж  Монгол  Улсын Боловсрол соёлын салбарт ширгэшгүй ундарга, шимт хөрсийн хэсэг болсоор ирсэн түүхтэй –гэж аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн Жалбуугийн Дэнсмаагийн дүгнэлттэй маргах зүйл алга.

Ер нь ингэхэд, ертөнцийн бодит байдлыг оюунаар эзэмшихүйн шилмэл арга болсон аугаа соёл үүсч бүрэлдэхийн цагт, тэрхүү хөрсөнд үргэлж төлжсөн боловсролын түүх бол улс орны хөгжлийн замналын суурь болдог.

Архангай аймагт анхны сургууль байгуулагдсан тэртээх 1918 оноос өдгөөг хүртэлх олон арван жилийн түүхийн шарласан хуудас дахь алтан үсгээр сийлсэн тод томруун үеийн их үйлсийн түүчээ бол БСУГ бөлгөө.

Түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, Далай Чойнхор вангийн хошууны дархан Жигмид 1919 оны орчим 354 хуудас “Гаа Жадамба” гэдэг судрын барыг бурхан, бусад чимэглэлийн хамт маш уран чамин сийлсэн зэс бар бүтээсэн нь одоо Улсын төв номын санд байдаг.

XX зууны наяад оны эхээр СЗАК-ийн орос хэлний мэргэжилтэн С.Адъяа, Хашаат сумын 8 жилийн сургуулийн орос хэлний багш Ц.Сүхбаатар нар Украйны нэрт сурган хүмүүжүүлэгч В.В.Сухомленскийн “Ээдрээтэй хувь заяа”-хэмээх зохиолыг орчуулан, СЗАК-ийн эрхлэгч Б.Дагва багш хянан тохиолдуулсан нь ардын боловсролын яамны тэр жилийнхээ шилдэг номоор шалгарч байлаа.

Багш хүний хөдөлмөр бүтээл нь хэдэн арван жилээр шагшигдаж шалгагдаж  хойч  үедээ мөнхрөн үлддэг. Тийм багш нарын дотроос эзэмшсэн мэргэжлээрээ бусдыг үлгэрлэн дагуулах, ажил амьдралын баялаг туршлагатай, өгөөмөр сайхан сэтгэлтэй, шилдэг сурган хүмүүжүүлэгчийг сонгон шалгаруулж БСУГ-т ажиллуулдаг уламжлалтай.

Мэдээлэл технологийн эрин үеэ дагаж компьютер интернет хөгжиж байгаа явдал тус салбарын цаашдын хөгжлийн дүр төрөхөд эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд багш соёл урлагийн ажилтнуудаас өргөн мэдлэг, өндөр ур чадвар, хурдтай эрчтэй ажиллах шаардлага улам нэмэгдсээр байгааг зочид мэргэжилтнүүд ярьж байна.  Тэдний ярианаас жичид нь сийрүүлнэм.

Л.Булган

Холбоотой мэдээ