Дархан аваргын 100 жилийн ойн барилдаанд Э.Энхбат түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 09:34:50

Булган аймгийн Хангал сумын харьяат, Дархан аварга, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, Хангарьд спорт хороо, UFS группийн бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүллээ.

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсан энэ барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Хангарьд спорт хороо, Ньюпрогресс группын бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын начин Б.Амарзаяа, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарлаа. Ууганбаярын хувьд арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь нарыг дараалан хаяж урамтай сайхан барилдан их шөвөгт шалгарсан юм. Харин Пүрэвсайхан заан, аймгийн арслан Ууганбаярыг олон угсраа мэхээр тэвдүүлж байгаад мушгиад давсан.

Д.Өлзий

Холбоотой мэдээ