Цэцэрлэгийн багш бүр сургалтын арга зүйгээ чанаржуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-07 13:48:37

Цэцэрлэгийн багш нарын мэргэжил ур чадварыг ахиулах зорилготой шаталсан сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын СӨБ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэсүрэн удирдан эхлүүлжээ. Сургалтыг нэг удаа зохион байгуулаад өнгөрөх бус 3 үе шатанд үргэлжлүүлж, цэцэрлэгийн багш бүр өөрийн гэсэн шилдэг арга зүйтэй болох нь сургалтын үр дүн болох юм байна.

Боловсролын тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх үндсэн зарчимдаа тулгуурлан багш бүрийн хүүхэд хөгжүүлэх сургалтын арга зүйд чанарын өөрчлөлт хийх нь энэ сургалтын зорилго гэдгийг хөтөлбөр санаачлагч тодотгосон юм.

Сургалтын эхний үе шатанд БСУГ-ын дэргэдэх СӨБ-ын зөвлөн туслах багийн гишүүд МУБИС- ийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” сэдэвт сургалтад хамрагдаж, бүсийн сургагч багшаар бэлтгэгдээд ирсэн байна.

Ирэх долоо хоногт тэд сургалтын хоёр дахь үе шатыг эхлүүлж аймгийн бүх цэцэрлэгийн багш нарт хичээл заах ажээ.

Сургалтад ирэхдээ багш бүр өөрийн гэсэн арга зүй боловсруулж авчирна. Түүнийгээ сургалтын явцад илүү боловсронгуй болгож сайжруулаад туршин хэрэгжүүлэх юм. Ингэхдээ арга зүйн давуу болон сул талыг тэмдэглэн хөтөлж, бусад багш, эрхлэгч нарынхаа өгсөн үнэлгээ санал болон өөрийн ажиглалтын дагуу хэрхэн сайжруулсанаа танилцуулах ажээ.

Сургалтын 3 дахь үе шатанд багш нарын дунд шилдэг арга зүй шалгаруулах уралдаан зарлана. Үүнд багш нар  сургалтын хугацаанд боловсруулж хэрэгжүүлсэн арга зүйгээрээ үйл ажиллагаа зохион байгуулж оролцох бөгөөд уралдаанд шалгарсан багш нарыг арга зүйг БСУГ- ын технологийн санд бүртгэх юм байна.

“Багш бүрт цогц арга зүй” хэмээх энэхүү сургалтын хөтөлбөрийг “Дэлхийн Зөн Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр санхүүжүүлэн дэмжиж байна.

Т. Отгонтуяа         

 

 

Холбоотой мэдээ